Ж.Эрдэнэцэцэг /өнөөдөр/
“Агуу бүхэн эгэл байдаг”-ийн жишээ болсон нэгэн бууралтай уулзлаа. Нэгэн цаг үед алдрын оргилд хүрч, Монголын хөгжмийн урлагт шинэчлэл хийж явсан энэ хүнийг монголчууд андахгүй. Нөгөө алдартай “Гэгээн өглөө сайн байна уу”, “Хар ус нуурын шагшуурга”-ын хөгжмийг зохиосон Ж.Шараа. “Сартай шөнийн дуу», “Чиний минь хайр”, “Дуучин болов оо, би”, “Би хаана төрөө вэ”, “Ганга нуур”, “Мөрөөсөл”, “Би монгол хүн”, “Миний хөөрхөн дүү”, “Бороо”, “Солонго”, “Монгол аялгуу”, Шанзанд зориулсан 12 аяз , “Этюд”, “Хийлийн концерт”, “Уран сэтгэмж”, “Симфони чуулбар” гээд түүний туурвисан 100 гаруй дуу, дан хөгжмийн 60 гаруй бүтээл болон жүжиг, бүжгийн хөгжмийг жагсаавал нэлээд хэдэн хуудас болно. Зарим уран бүтээлч ганц, эсвэл тоотой хэдэн бүтээлээрээ нэрээ мөнхөлсөн байдаг бол энэ хүний ихэнх бүтээл жинхэнэ хит болж, монголчуудыг байлдан дагуулж,олон жилийн турш сэтгэлийг нь хөглөсөөр. 
-Миний бага нас хөгжмийн зохиолч Ж.Шараагийн “Гэгээн өглөө сайн байна уу” дуугаар “амьсгалж” өнгөрсөн гэж болно. Өглөө бүр радиогоор Төрийн дуулал эгшиглэсний дараагаар удалгүй “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу...” гээд цангинатал дуулдаг байж билээ. Албандаа явахаар өглөө эртлэн боссон багачуудын хувьд тэр дуу нэг ёсны сүлд дуу нь байжээ. “Шараа бол хүүхдэд зориулсан “Төрийн дуулал” зохиосон хүн” гэж ярих хүмүүс ч байдаг юм билээ. “Гэгээн өглөө сайн байна уу”-д тухайн үеийн нийгмийн байдалд тохируулан нэмэлт бадаг хийж байсан гэж сонссон.
-47 жилийн тэртээ сэтгүүлч Авирмэд агсан, найруулагч Туяа хоёр Монголын радиогоор “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг санаачилсан түүхтэй. “Гэгээн өглөө сайн байна уу” дууг тэр нэвтрүүлэгт зориулан бичсэн юм. Ийм олон жилийн настай бүтээл хийж байгаагаа тухайн үед би мэдээгүй. Одоо хэр нь хүмүүс сайн мэддэг, дуулдаг болохоор их сайхан санагддаг. “Сайхан дуу болжээ. Баярлалаа” гэсэн үгтэй олон захидал хүлээн авсан даа. Тэр үед “Утга зохиол” сонинд Мандир гэдэг багш энэ дууны тухай нийтлэл бичиж, баяр хүргээд сэтгэгдлээ бичжээ. Сайхан бүтээл байна. Гэхдээ малчин түмэнтэйгээ мэндэлсэнгүй дээ” гэж саналаа бичсэн байсан. Үүнээс үүдээд “Түмэн төлөөр арвижсан буман сүргүүд сайн байна уу,
Баян талдаа цэнгэлтэй баатар малчин сайн байна уу” гэсэн бадгийг нэмсэн юм. Дуу маань тэр нэвтрүүлэгтэйгээ 20 гаруй жил тасралтгүй эгшиглэснээр 1990 онтой золголоо. Радиогийнхон шинэчлэл энэ тэр хийж, “Өглөөний мэнд” нэвтрүүлгийн дууг солихоор шийджээ. Нэг хэсэг шинэ дуутайгаар нэвтрүүлэг цацагдлаа. Тэгсэн радиогийн Хүүхдийн редакцийн газарт хот, хөдөөгийн олон сонсогчоос санал хүсэлт ирж, “Гэгээн өглөө сайн байна уу”-г яагаад явуулахгүй байна гэж л дээ. Радиогийнхон надад “Та удирдлагуудад энэ санал хүсэлтийг дамжуулж хэлээч” гэхэд нь би “Байгууллагын дотоод асуудалд ах нь оролцохгүй. Тийм эрх ч байхгүй. Миний дуу хүмүүст хүрээд, үгүйлэгдэж байгаа нь л надад хангалттай” гэсэн. Хүмүүсийн санал хүсэлт тасралтгүй ирээд байсан тул хэсэг хугацааны дараа миний нөгөө дууг дахин цацаж эхэлсэн юм билээ. Амьдралаас урган гарсан бүтээл мөнх байдгийг харуулсан явдал болсон гэж боддог. Энэ дууны 45 жилийн ойг засаг, төр маш өндөр хэмжээнд тэмдэглэж, Төрийн ордонд намайг хүлээж авсанд би их баярласан. Тэр үеэр МҮОНРТ надад тэргүүний ажилтан цол, тэмдгээ хайрласан шүү.
-Таныг би Төрийн шагнал хүртсэн гэж боддог байлаа. Гэтэл нэлээд хожуу 1999 онд урлагийн гавьяат зүтгэлтэн болсон гэв үү?
-Би тэтгэвэрт суусныхаа дараа, 1999 онд урлагийн гавьяат зүтгэлтэн болсон шүү дээ. Нэг өдөр Чулууны Чинбат над руу залгаад “Багш аа, таны цээж зураг хэрэг болоод байна” гэхээр нь шагнал авахын чинээ бодолгүй “Байхгүй ээ” гэтэл “Надад нэг зураг байна. Тэрийг ашиглаж болох уу” гэлээ. Тэгсэн хэд хоногийн дараа “Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна. Маргааш шагнал гардуулах ёслолд ирээрэй” гэсэн. Тэгээд маргааш нь шагнал гардуулах үед л урлагийн гавьяат зүтгэлтэн болсноо мэдсэн. Надад шагнал урамшуулал өгсөнгүй гэж энэ үгийг хэлж байгаа юм биш шүү. Би хэзээ ч шагнал, урамшуулал бодож бүтээл хийж байгаагүй. Гэхдээ зайлшгүй бодмоор нэг зүйл бол хүнийг хийж бүтээж байгаа үед нь урамшуулж, шагнаж баймаар санагдах юм. Одоо үед л хавтгайраад үнэ цэнээ алдаад байгаа болохоос дээхнэ үед маш том шалгуур, хатуу хяналт доор шагнал, цол гуншин өгдөг байлаа. Би нэг түүх ярья. 1960-аад оны эхээр Нямбуугийн Нямдоржийн “Онон хатан ижий” гэдэг ном гарч, Намын төв хорооны Үзэл суртлын хэлтсээс их шүүмжлэл хүртсэн. Тухайн үед Зохиолчдын хороон даргаар С.Удвал гуай ажиллаж байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнөөр тэр номыг бут авлаа даа. Тэнд байсан хүмүүс толгой гудайлгаад, хачин царайлчихсан сууж байтал С.Удвал гуай “Н.Нямаа бол авьяастай, цаашид их зүйл бүтээх хүн” гээд түүнд хандаж “Зэмлэл сайшаалыг зэрэг дааж чаддаг болбол би эр болжээ гэж битүүхэн өөртөө итгэ” гэж хэлтэл бүгд алга ташиж, уужуухан амьсгаа авч билээ. Залуу хүний урмыг хугалчихгүй, сэтгэлийг нь сайхан засаж өгдөг тийм л ухаантай хүн байж. Хэрэгтэй үед нь хэлсэн нэг үг ч гэсэн хүнд ямар их урам, итгэл хайрладгийн жишээ. Энэ үгийг би үргэлж мөрдлөг болгож, лекц унших бүртээ иш татдаг. Манай олон сайхан уран бүтээлч урам нь хугарч, бор “юманд” орсон гашуун түүх бий. Оросын хөгжмийн зохиолч Соловьёв Седой том хэмжээний бүтээлгүй ч зөвхөн “Подмосковные вечера”-д нь Лениний шагнал олгосон байдаг юм. Тэр доктор, профессор зэргийн гуншинг автоматаар өгдөг байхгүй юу. Учир нь тухайн бүтээл л өөрөө нээлт, сургалтын ухагдахуун болдог гэж үздэг юм. Харин манайд тийм юм алга. Аливаа бүтээлийг задлан шинжилж, судлаад эрдмийн ажил болгохгүй байна.
-Тэгвэл нэг сайн бүтээл гэхэд л доктор, профессорын зэрэг хамгаалах сэдэв болох нь. Манайхан яагаад хөгжмийн зохиолчдоо тэгж “мөлжихгүй” байна вэ?
-Манай залуучууд тэрний ач холбогдлыг ойлгохгүй байна л даа. Дээр хэлсэн хоёр бүтээлээрээ би Монголын хөгжмийн урлагт хоёр том нээлт хийсэн гэж боддог.
-Офицерийн сургуулиас “зугтаж” урлагийн хүн болсон түүхээ дурсаач?