П.И.Чайковский - Хунт нуур

Удирдаач: Ж.Чулуун АЖ 

Хөрвүүлэн дэглэсэн : Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

 

“Хунт нуур” балет нь балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг, 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон бүтээл юм. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийг бичиж анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны 03-р сарын 04-нд тоглосон. Өдгөө “Хунт нуур” балетыг дэлхийн олон театруудад өөр өөр хувилбар, тавилтаар тоглодог ч Мариус Петипа, Лев Иванов нар сайжруулсан хувилбарт үндэслэсэн байдаг байна. “Хунт нуур” балетын цомнолыг хорон санаат хүлэг баатарын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн гэдэг.

  • Хөгжмийн зохиолч - П.И.Чайковский
  • Төрөл Балет
  • Он 2018
1

Ж.Чулуун - Уран Хас

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Дэглэн найруулсан : Б.Жамъяндагва АЖ ТШ ХБ 

Зураач: Ч.Гунгаасүх АЗ

 

Монголын сонгодог урлагийн үнэт бүтээл Ж.Чулууны “Уран Хас” балет 1973 онд нээлтээ хийж байжээ. Монгол хүн бүрийн зүрхнээ хоногшсон сайхан аялгуут “Уран Хас” балетын цомнолыг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, ард түмний цэцэн мэргэн ухаан, шинийг бүтээх хүсэл тэмүүлэл, хуучныг шүтэн бишрэхүйн тэмцлийг урнаар ёгтлон харуулсан, үндэсний хөгжмийн ая намбаданд түшиглэсэн сонирхолтой дүрслэл бүхий уг бүтээл хөгжим, бүжгийн гайхамшигт нийцэл, зохицол юм. Нутаг хошуундаа “Уран” хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаа тэдний амьдрал, хайр дурлал, болоод тухайн нийгмийн байдлыг сонирхолтой бас ч үгүй хөгжилтэйгөөр өгүүлсэн байдаг. Далавч урлан жигүүртэн мэт нисэн дүүлэх хүсэл өвөрлөсөн Хасыг Хошуу ноён авьяас чадварыг нь ашиглах зорилгоор Хүрээ рүү авч явснаар үйл явдал цааш өрнөх болно. Та энэхүү бүтээлээс Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол ёс заншил, Монгол ахуй соёлыг цогцоор харж болно.

  • Хөгжмийн зохиолч - Ж.Чулуун
  • Төрөл Балет
  • Он 2005
2

Ф.Херольд - Дэггүй лиз

Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ 

Балетмейстер : Ц.Чинзориг 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Хувцасны зураач: Г.Оюун СТА

 

Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэртэйгээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын байнгын урын санд тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La réprimande” орчуулбал “Зэмлэл”гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн бол аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон гэдэг. Хоёр зууны турш уг балетыг дэлхийн маш олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодог байна. Манай театрын тайзнаа Ф.Херольдын хөгжим “Дэггүй Лиз” нэрээр та бүхэндээ хүрч байгаа билээ

  • Хөгжмийн зохиолч - Ф.Херольд
  • Төрөл Балет
  • Он 2017
3

А.Адан - Жизель

Удирдаач: П.Хаянхярваа АЖ 

Хөрвүүлэн дэглэсэн : Ф.Г.Кайдани ЗХУ-ын УГЗ 

Зураач: А.И.Морозов

 

Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн Жизель балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францийн урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн байна. Өнөөг хүртэл “Жизель” балетыг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглогдож буй гайхамшигт сонгодог бүтээл юм. Уг бүтээлд хайртай залуу нь өөр бүсгүйтэй сүй тавьсныг мэдээд зүрх нь хаагдаж нас бардаг охины тухай өгүүлнэ. Залуусыг үхтэл нь бүжиглүүлдэг сүнс бүсгүйчүүд Жизелийн сэтгэлт хархүүд ч бас ижил хувь тавилан тохионо. Гэвч Жизелийн агуу их хайр залууг тэр гунигт тавилангаас чөлөөлнө.

  • Хөгжмийн зохиолч - А.Адан
  • Төрөл Балет
  • Он 1979
4

П.И.Чайковский - Шелкунчик

Удирдаач: Ч.Жамсранжав, Ж.Бүрэнбэх 

Хөрвүүлэн дэглэсэн : В.Федонин 

Зураач: А.Морозов

 

Хүн бүрийн хүсэн хүлээдэг, үзэх дуртай балетуудын нэг П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нь анх 1892 оны 12-р сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийг дэглэн, Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба Хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн байна. Барууны улсуудад 1940-өөд оноос тоглогдож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна. Энэ жил тоглолтын 55 дахь улиралд “Щелкунчик” балетын 45 жилийн ой тохиогоод байна.

  • Хөгжмийн зохиолч - П.И.Чайковский
  • Төрөл Балет
  • Он 1982
5

А.Хачатурян - Спартак

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Сэргээн дэглэсэн : Х.Гэрэлчимэг ГЖ 

Тайзны зураач: Ч.Гунгаасүх АЗ 

Хувцас дизайнер: Г.Оюун СТА

 

20-р зууны шилдэг балет А.Хачатуряны “Спартак” балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт цогц бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг уг бүтээл нь балетын урлагийг шимтэн үзэгч таны заавал үзэх бүтээлүүдийн нэг юм.

  • Хөгжмийн зохиолч - А.Хачатурян
  • Төрөл Балет
  • Он 2012
6

Ж.Мэнд-Амар - Үйлийн гурван толгой

Хөгжим: Ж.Мэнд-Амар ГЖ 

Удирдаач: С.Сүндэд ГЖ, Ц.Мөнхболд УГЗ 

Дэглэн найруулсан : Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ 

Зураач: Л.Гаваа УГЗ

 

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн эх зохиолыг үндэслэн “Үйлийн гурван толгой” Монголын сонгодог балетыг 1987 онд ХБ, АЖ,УГЗ Б.Жамъяндагва дэглэн найруулсан. Уг зохиол нь 19-р зууны сүүлийн хагаст Монголын Дорнод нутагт болсон бодит түүхээс сэдэвлэн бичсэн бөгөөд анх “Учиртай гурван толгой” жүжгийн гарчгийг тавихдаа үйл явдал болсон нутаг усны нэрээр “Үйлийн гурван толгой” хэмээн нэрлэж байсан баримт байдаг аж. Их зохиолч Д.Нацагдорж уг зохиолоо тухайн үеийн нийгмийн амьдралын үйл явдлыг тод үзүүлэн энэ нийгэмд ядуу хүмүүсард иргэд ямар ч эрх чөлөөгүй, хайр дурлал хаад ноёдын хавчлагын дор эмгэнэлтэйгээр дуусч байгааг үзүүлдэг. Өнгөрсөн 54 дэх улиралдаа бид “Үйлийн гурван толгой” балетын 30 жилийн ойгоо тэмдэглэсэн.

  • Хөгжмийн зохиолч - Ж.Мэнд-Амар
  • Төрөл Балет
  • Он 1987
7

Л.Минкус - Дон Кихот

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ 

Хөрвүүлэн дэглэсэн : Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ 

Зураач: Г.Ганбаатар УГЗ

 

“Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Л.Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөн юм. Өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэн элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдана. Сэтгэлт хосууд охиноо баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн байна. Ноён Кихот тэднийг аврахаар шийднэ. Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.

  • Хөгжмийн зохиолч - Л.Минкус
  • Төрөл Балет
  • Он 2002
8

Л.Делиб - Цэнхэр нүдэн бүсгүй

Удирдаач: Ц.Намсрайжав УГЗ , Ц.Мөнхболд УГЗ 

Хөрвүүлэн дэглэсэн : Б.Жамъяндагва ХБ АЖ ТШ 

Зураач: Д.Сүхбаатар

 

Эртний түүхт Галиц гэх жижиг хотын төв талбайд хүүхэлдэй урлагч эрдэмтэн Коппелиус өвгөний сууц бий. Сууцны тагтан дээр хэнтэй ч үг дуугаралгүй өдөржин ном уншин суудаг Коппелия охин байдаг байж. Франц хэмээх залуу хархүү хэдий өөр бүсгүйтэй сүй тавьсан ч охинд сэтгэл алдран, гэрлэхийг хүснэ. Францын сүйт бүсгүй Сванильда хайртай залуу нь Коппелия руу үнсэлт илгээж байхыг харан бухимдана. Гэвч удалгүй Сванильда Коппелияаг галзуу өвгөн Коппелиусын урласан хүүхэлдэй болохыг олж мэднэ. Ингээд бөөн үймээн болсон ч удалгүй бүх зүйл байрандаа орж аз жаргалтайгаар төгсөнө. “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын дүр дүрслэлээр дүүрэн хошин, сэтгэл татам бүтээл юм. Уг балетыг И.Т.А.Хофманны “Сандман” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд 1870 онд Парисын Гранд-Опера театрт анхны тоглолт нь болжээ.

  • Хөгжмийн зохиолч - Л.Делиб
  • Төрөл Балет
  • Он 1966
9

Х.Алтангэрэл - Төгсгөлгүй...

Хөгжим: Х.Алтангэрэл CТА 

Цомнол: Ч.Мөнхзул СТА 

Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ 

Дэглэн найруулсан : Э.Эрдэнэжаргал СТА 

Тайзны зураач: Г.Ганбаатар УГЗ 

Г.Оюун СТА

 

Үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх ба гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ. Танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг. Тиймээс танго бүжгийн элементийг, сонгодог балетын онцлогтой нийцүүлэн өвөрмөц тавилт бүхий бүтээл туурвисан нь урын сангийн хувьд цоо шинэ бүтээл болохын зэрэгцээ залуу үеийнхнийг сонгодог урлагт дуртай болгох, цаашид өвөрмөц шийдэл бүхий уран бүтээл илүү их хийхийн эхлэл болсон.

  • Хөгжмийн зохиолч - Х.Алтангэрэл
  • Төрөл Балет
  • Он 2014
10

Б.Асафьев - Бахчисарайн оргилолт булаг

Хөгжим: Б.Асафьев 

Цомнол: Н.Д.Волков 

Удирдаач: Ж.Чулуун АЖ, Ц.Мөнхболд УГЗ 

Хөрвүүлэн дэглэсэн : И.М.Хабаева СТА 

Зураач: Л.Гаваа АЗ

 

Б.Асафьевын хөгжим дээр зохиолч Николай Волков “Бахчисарайн оргилолт булаг” балетын цомнолыг Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкиний ижил нэртэй найраглалаас сэдэвлэн хийсэн балет анх 1823 онд тайзнаа амилжээ. Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Грей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ.Энэхүү балетад Грей хааны тэргүүн татвар эм Зарема хаанаа харамлан хааны дурлалт бүсгүй Мариягийн амийг хөнөөн, өөрөө мөн хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг байна.

  • Хөгжмийн зохиолч - Б.Асафьев
  • Төрөл Балет
  • Он 1956
11

Л.Делиб - Коппелия

  • Хөгжмийн зохиолч - Л.Делиб
  • Төрөл Балет
  • Он 0000
12

Л.Минкус - Баядера

  • Хөгжмийн зохиолч - Л.Минкус
  • Төрөл Балет
  • Он 0000
13

Э.Чойдог - Чойжид дагина

  • Хөгжмийн зохиолч - Э.Чойдог
  • Төрөл Балет
  • Он 0000
14

Э.Чойдог - Шарилжин дундах цэцэг

  • Хөгжмийн зохиолч - Э.Чойдог
  • Төрөл Балет
  • Он 0000
15

К.Римский-Корсаков - Щехеразада

  • Хөгжмийн зохиолч - К.Римский-Корсаков
  • Төрөл Балет
  • Он 0000
16

Л.Минкус - Пахита

  • Хөгжмийн зохиолч - Л.Минкус
  • Төрөл Балет
  • Он 0000
17

Ф.Шопен - Шопениана

  • Хөгжмийн зохиолч - Ф.Шопен
  • Төрөл Балет
  • Он 0000
18

П.И.Чайковский - Нойрссон гүнж


Удирдаач:
Т.Гэрэлцэцэг СТА

Балетмейстер: ТШ, ХБ, АЖ Б.Жамъяндагва

Зураач: Б.Сосорбарам СТА
Дүрүүд:
АВРОРА/Гүнж/-
ДЕЗИРЕ/Ханхүү/-
СИРЕНЬ/Дагина/-
ДАГИНАСУУД-
КАРАБОС дагина-
4 ЖОНОН-
4 ЖИЖИГ ФРЕЛИН-
4 ТОМ ФРЕЛИН-
ЭРДЭНЭСИЙН
ЧУЛУУНУУД-
МУУР /эр/-
МУУР /эм/-
ХӨХ ШУВУУ-
УЛААН МАЛГАЙТ
ЧОНО-
ХААН-
ХАТАН-
КАТАЛАБЮТ (ёслол үйлдэгч)-

Эхлэл
Хааны шилтгээний дэргэд зочид цугларчээ. Хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж дохио хангинана. Гүнж мэндэлсний баярт ирэхийг урьсан урилгыг тараахаар ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг бүрт элч мордуулна. Мөн сайн санаат Дагинуудыг ч урихаа мартсангүй.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Хааны ордон.
Зочид шинэ мэндэлсэн гүнжийг харахыг тэсч ядан хүлээнэ. Өрлөг эх Аврораг өлгийд тавихад зочид баясан түүнд бэлэг өгнө. Танхимд хаан, хатан орж ирнэ. Удалгүй Сирень дагина бараа бологчдын хамт ирэн бяцхан Аврорад ховор бэлэг авчирчээ. Гэнэт аймшигт зочин айсуй мэдээг хаанд Каталабют ирж мэдэгдэнэ. Энэ үед аймшгийн дагина Карабос харх хулгана хөллөсөн тэргээр ирнэ. Тэрээр Каталабютыг, өөрийгөө уриагүйд хилэгнэсэн байв.
Хааны ордныхон Карабосыг тайвшруулахыг оролдовч тэднийг илбэдэн тараана. Каталабют тайлбарлахыг оролдовч Карабосын уур хилэн нь улам бадарч дайран давшлан түүний толгойд нэг ч үс үлдээлгүй халзан болгов. Каталабютыг ингэж цээрлүүлээд Аврорагийн өлгий рүү хандахад хатан ээж энэрэнгүй, сэтгэл гаргахыг түүнээс хүснэ. Карабос охиныг харж «16 насандаа хурц үзүүртэй ээрүүл /иг/ -д хатгуулж үхнэ» гэж хувь заяаг нь зураглана. Энэ мөчид Аврораг сайн санаат дагина Сирень өмгөөлж, амь насыг авран, харин 100 жил нойрсуулахаар болгож чаджээ. Карабос дагалдан явагчдынхаа хамт шилтгээг орхин одно. Сайн санаат дагинасууд Аврорагийн өлгийд мэхийн хүндэтгэн буцацгаана. Хаан энэ өдрөөс эхлэн харъяат нараа хурц үзүүртэй игийг хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгав.

Хоёрдугаар үзэгдэл

Хааны шилтгээний өмнөх цэцэрлэг.
Өнөөдөр Аврора 16 нас хүрчээ. Аврорагийн үе тэнгийнхэн түүний гарч ирэхийг хүлээн өргөн баяр болж байна. Энэ үед ордны эмэгтэйн хувцас өмсөж зүсээ хувиргасан Карабос цугларагсад дундаас сэм гарч ирэн нэгэн залуу бүсгүйд мөнгөн иг өгөөд алга болно. Бүсгүй игийг нөхөддөө үзүүлэхэд хааны хуулиар хорьсон зүйл бүсгүйчүүдийн гарт байхыг харсан Каталабют учиргүй их айн сандрах мөчид хаан, хатан хоёр ч орж ирнэ. Каталабют тэвдэн игийг хааны хөлийн дэргэд алдана. Хаан хилэгнэн игийг хаанаас авсан хэмээн түүнээс асуун буруутныг ол хэмээгээд бүсгүйчүүд болон Каталабют нарыг баривчлахыг тушаана. Хөгшин Каталабют өршөөл гуйна. Ордныхон болон хатны үгэнд орж, Каталабютыг хаан өршөөв. Харуулууд игийг аваад явна.
Залуучууд баясан бүжиглэнэ. Дөрвөн жонон ч иржээ. Тэд Аврораг гэргийгээ болгохыг хүсчээ. Каталабют түүний гоо үзэсгэлэнг биширсэн жононгуудтай танилцуулна. Тэр хэнийг нь сонгохоо үл мэдэн хатан ээжийгээ зөвлөхийг хүсэв. Энэ мөчид үл таних эмэгтэй Аврорад цэцгийн баглаа барив. Аврора ордныхонд цэцэгнээсээ бэлэглэнэ. Бүх цэцгийг тарааж дуусмагц түүний гарт баглаж нуусан мөнгөн иг үлдэнэ. Аврора урьд үзээгүй шинэ зүйлийг ихэд сонирхож оролдтол хурц үзүүрт нь хатгуулж газарт унав.
Ордныхон уй гашуу болон түүний дэргэд сөгдөнө. Үл таних хатагтай энэ бүхнийг сэтгэл хангалуун ажиглаж байснаа нөмрөгөө тайлахад Карабос болохыг бүгд танив. “Миний таамаглал биелэлээ” хэмээн баясаж, тэрээр алга болно.
Энэ мөчид Сирень дагина гарч ирэн “Аврора амьд, ердөө л нойрссон, түүнийг үүрдийн хань болох залуу нь үнсэхэд сэрнэ, тэр цаг мөчийг та нар хүлээ” хэмээнэ. Сирень дагина шидэт дохиураа өргөхөд ордныхон бүгд унтана.
Сирень байгалийн хүчинд хандаж авралт жононг иртэл шилтгээнийг бусдын нүдэнд өртүүлэхгүй байхыг хүснэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Гуравдугаар үзэгдэл

100 жил өнгөрөв.
Ойн цоорхойд Дезире жонон болон ордныхон наадна. Бүх хатагтай нар түүнийг өөртөө татахыг эрмэлзэвч тэрээр тэднийг үл тооно. Энэ үед шидэт Сирень гарч ирэн Жононд нойрсож буй гүнж болон алс тэртээх увдист шилтгээний тухай ярьж өгнө. Үүнийг сонссон жонон Дезирегийн сэтгэл хөдөлж, дагинаас Аврора гүнжийг зааж өгөхийг хүснэ.
Урт замыг туулж Дезире жонон Сирень дагина хоёр Аврорагийн шилтгээнд хүрэлцэн ирнэ. Харин шилтгээнд жонон ганцаараа орж хорт Карабосыг ялан дийлж Аврораг сэрээх ёстой байв. Карабос гүнжийг хамгаалан хэнийг ч шилтгээнд үл оруулна. Хүнд бэрх тэмцлийн дүнд Дизере Карабосыг бараа бологчдынх нь хамт ялж нойрсож буй үзэсгэлэнт гүнжийн дэргэд ирж зогсоно.
Дезире жонон Аврораг үнсэхэд түүнтэй хамт шилтгээнийхэн амь орно. Хаан Аврораг Жононгийн гэргий болохыг зөвшөөрнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Аврора Дезире нарын хурим.
Полонезийн ёслол төгөлдөр аялгуунд хаан, хатан болон ордныхон Аврора, Дезире нар хүрэлцэн ирнэ. Зочид, сайн санаат дагинас хүрэлцэн ирж цэнгээн наадам эхлэв. Сирень дагина, үнэт баялгийн дагинууд, алмаас эрдэнэ, алт, мөнгө, индранил, Флорина гүнж, эр муур, эм муур, хөх шувуу, улаан малгайт, саарал чоно зэрэг үлгэрийн баатрууд Дезире Аврора нарт баяр хүргэхээр хүлэцэн иржээ.
Аз жаргалтай Аврора Дизере хоёр баярлаж талархсанаа бүгдэд илэрхийлж, зочид мазурка бүжиг бүжиглэнэ. Залуу хосууд сайн санаат Сирень дагиныг алдаршуулж аз жаргалаа эдэлнэ.
  • Хөгжмийн зохиолч - П.И.Чайковский
  • Төрөл Балет
  • Он 1990
19

И.Морозов - Амттаны доктор


Удирдаач: Ц.Гансүх СТА

Хореограф-Балетмейстер: Ц.Чинзориг СТА

Зураач: Ч.Батболд
Дүрүүд:
ЭМЧ /Өвгөн доктор/
ОХИН /Эмчийн ач охин бал бурам/
Хүү /Чацарганы чанамал/
ШОРГООЛЖНЫ ХААН /Дээрэмчин/
ХЭРЭЭ /Амттанд дуртай шувуу/
ХӨВӨН ЧИХЭР /Шуудан зөөгч/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Эхлэл
Амттанд ихэд дуртай жаал Хүү байжээ. Байн байн амттан нэхэж эмээгээ зовооно. Гэнэт Хүүгийн шүд айхавтар ихээр өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудан үзүүлтэл шүдийг нь авахгүй бол болохгүй гэнэ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон тул авахуулахаас өөр аргагүйг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа хийлээ. Хүү төд удалгүй гүн нойронд автана.

Нэгдүгээр үзэгдэл

Амттаны орон
Амттаны хотхонд хоёр байшин байна. Зүүн байшинд эмч өвгөн ач Охинтойгоо амьдарч баруун байшинд жаал Хүү эмээгийн хамт суудаг байжээ.
Хүү байшингаас гаран эргэн тойрноо хартал дүүрэн амттан харагдав. Хүү ухаан жолоогүй дайрч идэх гэсэн боловч хүүгийн ам үл нээгдэнэ. Эмчийн гэрийн хаалга онгойж, ач Охин гэрээсээ гаран тоглоно. Охин, Хүүтэй тоглохыг хүсэвч Хүү халгаасангүй. Тэр бүх амттануудыг яагаад идэж болохгүй байгаад гайхан бодолхийлнэ.
Өглөө эрт эмчийн байшин руу өвчтэй амттанууд цувран ирцгээнэ. Хазуулсан жигнэмэг, хайлсан зайрмаг, хатсан резинэн чихэр, хөгцөрсөн давхраат боорцог, муудсан үрлэн чихэр, хугацаа нь дууссан чипс, хагарсан өндгөн шоколад, өтөнд баригдсан цэлцэгнүүр зэрэг хүүгийн дуртай амттанууд дараалан ирцгээлээ. Хүү гайхан алмайрч нүдэндээ ч үл итгэнэ. Амттанууд дараалал үүсгэн маргалдана. Энэ үед Охин, Хүүг сэргээж тэр хоёр хамтдаа маргалдах амттануудыг тайвшруулан зохицуулж эхлэв. Амттанууд хоорондоо маргалдах зуураа ойр орчимдоо нэлээд хог тарьсныг Цэвэрлэгч хараад унтууцан уурлаж гарав. Эмч өвгөн гэрээсээ гарч ирлээ. Хүлээсэн цаг ч болж амттанууд эмчийн байшинд орцгооно. Маргаан өндөрлөсөн тул Охин Хүү хоёр хөгжилдөн бүжиглэнэ. Гэтэл хоцорч ирсэн Хөөсөн чихэр бусдын урдуур дайрч түрүүлэн Эмчид үзүүлэхийг завдан дахин хэрүүл шуугиан үүсгэнэ. Эмчлүүлсэн амттанууд дараалан гарч ирэн баяр хөөр болон бүжнэ. Тэр үед амттанд дуртай Хэрээ нисэн ирж амттануудыг идэхээр завдан үймээн шуугиан дэгдээнэ. Эмч сандран гарч ирэн Хэрээг хөөн явуулна. Энэ үед шууданч Хөвөн чихэр ирж Эмчид захиаг өгнө. Захианд “Алс тэртээх жимсний оронд хүр хорхойн нүүдэл ирж усан үзмийн модыг идэж, үр жимснүүд нь мөхлийн аюулд орж байна. Авралт эмч минь та ирж туслаач” гэсэн байв. Эмч яаран сандран эм тангаа баглан боож явах гэтэл хэрхэн яаж явах аргаа олсонгүй. Алхаж явахад дэндүү хол. Агаараар явахаар эм тариагаа авч явж чадахгүй. Өвгөн Эмч бүхий л арга замыг хайсан боловч бүтсэнгүй. Эмч, Охин, Хүү нар цөхрөнгөө баран сууж байтал хөлөг онгоцны ахмад цэргүүдийн хамт тэдний хажуугаар алхан өнгөрлөө. Хүү ахмадыг дуудаж учир явдлыг тайлбарлатал сайхан сэтгэлт хөлгийн ахмад ачит буурал Эмчийг хүргэж өгөхөөр зөвшөөрөв.
Гадаа аль хэдийн харуй бүрий болжээ. Эмч хөлгийн ахмадад баярласнаа илэрхийлэн, “Маргаашийн ургах нарнаар эртлэн замдаа гарцгаая, эм тариануудыг харин эрэг рүү авч яваад бэлдчихээрэй” хэмээгээд цаг болзон салав. Охин, Хүү хоёр өвөөд хандан хамтдаа явах хүслээ хэлэхэд эмч өвөө үл зөвшөөрөв. Энэ үед Хүү нэгэн арга сэдэж Охиныг дагуулан сүүн далайн эрэг рүү гүйв. Хоёрдугаар үзэгдэл

Сүүн далайн эрэг
Охин, Хүү хоёр Эмч өвгөнөөс түрүүлэн сүүн далайн эрэг дээр ирж эм тариа хийсэн хайрцагт орон нуугдана. Удалгүй үүр гэгээрч болзсон цаг боллоо. Эмч, амттаны хамт сүүн далайн эрэг дээр хүрэлцэн ирлээ. Хөлгийн ахмад ч цог жавхлант таяган цэргүүдтэйгээ ирж аян замын ачаа тээшээ хөлөг онгоцондоо ачив. Алс тэртээх холын замд гарч байгаа тул таяган цэргүүд сүр жавхлант бүжгээ бүжиж олныг баясган хөгжөөв.
Олон олон амттанууд далайн эргээс хайрт эмчээ алсын замд гунигтайяа үдэцгээлээ. Унтаж байгаад хөлөг онгоцноос хоцорсон Өндгөн шоколад харуусангуй... “энэ нойрноос л боллоо” гэж гунигтайгаар эмчийнхээ араас даллан хоцорлоо. Үүнийг харсан Цэвэрлэгч, амттанд дуртай Хэрээ хоёр бүхий л амттануудыг барьж сараалжин торонд хийн хорьлоо.

Гуравдугаар үзэгдэл

Усан үзмийн талбай
Усан үзмүүд өвчин шаналалд автан энд тэнд хорчийн хэвтэнэ. Хөвөн чихэр хөвөлзөн ирж та бүгдийг эмчлэхээр амттаны орноос эмч ирж байгааг дуулгана. Удалгүй эмч ирлээ. Сайхан сэтгэлт Эмчид Жимснүүд өвчин шаналалаа тоочно. Эмч тэднийг тайтгаруулж эмийн авдраа нээтэл Охин, Хүү хоёр гарч ирэв. Ийнхүү Охин, Хүү, Эмч гурвуул Жимснүүдийг эмчилж эхэллээ. Хямсаа хавчуураар, усан үзмийн модонд шигдсэн Хүр хорхойнуудыг суга татан авч хор хөнөөлгүй болголоо. Хатаж хорчийсон хөөрхий усан үзмүүдийг Эмч эмчилж, тэд эдгэрэн Эмч, Охин, Хүү нарт баярласан сэтгэлээ илэрхийлнэ. Ийнхүү амар амгалангийн жимсний орон баяр цэнгэлээр дүүрэв. Ачлалт гурав нар гэрийн зүг хөдөллөө.

Дөрөвдүгээр үзэгдэл

Элсэн цөл
Эмч өвгөн, Охин, Хүү нарын замд чихэрт дуртай Дээрэмчин шоргоолжууд дайралдаж, тэднийг барин хүлж Шоргоолжны хаандаа өгөхөөр ордон руугаа авч одно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тавдугаар үзэгдэл

Шоргоолжны ордон
Шоргоолжууд тэднийг ордондоо авчирна. Эмчийг харанхуй нүхэнд хийн хорилоо. Шоргоолжны хаан орж ирэв. Охин амтат бал бурам, Хүү чацарганы чанамал тул амттанд дуртай хаандаа тэднийг өргөл болгон барина. Хаан, “амттан бэлтгэх машиныг оруулж ир” хэмээн тушааж, Охин, Хүү хоёрын биенээс эмтлэн авч ундаа бэлдэн ууж баяр хөөр болон бүжин цэнгэнэ. Хүү өөрийгөө хүүхэд биш чацарганы чанамал, Охин амтат бал бурам гэдгээ сая л ойлгож, амттан идэж чадахгүй болсноо ухаарав. Хүү Эмч өвөөгийн эмийн савнаас нэгэн эм авч амжсан ба тэр нь нойрны эм болохыг мэдэж, Шоргоолжны ундаанд эмээ хийнэ. Удалгүй шоргоолжууд унтацгаахад Охиныг суллаж, Эмчээ нүхнээс гарган зугтацгаав.

Зургаадугаар үзэгдэл

Элсэн цөл
Тэд элсэн цөлөөр зугтаан, Шоргоолжууд араас нь хөөсөөр гүйцэн ирлээ. Шоргоолжны хаан нойрны эмэндээ мансууран байхад нь Гүрвэл гарч ирэн түүнийг өдрийн зоогоо болгон идчихнэ. Бүх шоргоолжууд Хаан нь үхсэнд сандралдан зугтацгаалаа. Ийнхүү Эмч, Охин, Хүү гурав амь аврагдан гэрийн зүг явцгаана.

Долоодугаар үзэгдэл

Амттаны орон
Тэд гэртээ ирэхэд нь бүх амттануудыг барьж хүлсэн байлаа. Өвгөн эмч гайхан тэднийг суллаж юу болсон талаар асуув.
Эмчийг эзгүй хойгуур амттанд дуртай Хэрээ амттануудыг идэхээр баривчлан хорьсон ажээ. Эмч хар Хэрээг ийм муухай зүйл хийсэнд уурсаж “Хэрээ чиний хоёр далавчийг чинь тасална” гэхэд тэр “Би дахин хэзээ ч ийм муухай зүйл хийхгүй” хэмээн өршөөл эрэв. Эмч “Хэрэв чи чин үнэнээсээ хэлж байгаа бол тангарагла” гэлээ. Хэрээ чин сэтгэл зүрхнээсээ ам тангараг өргөтөл Хар хэрээ Энхийн цагаан тагтаа болон хувирч дахин хэнд ч муу зүйл хийж чадахгүй сайхан сэтгэлтэн болжээ. Бүх амттанууд бөөн баяр хөөр болон бүжицгээлээ. Гэнэт юу болов гэмээр их дуу гарч бүх амттанууд мансууран гуйвж эхлэв. Бүх зүйлийг хоромхон зуур харанхуй нөмрөн авлаа.

Төгсгөл
Хүүг ийнхүү зүүдэндээ автан хэсэгхэн унтах зуур өвгөн Эмч шүдний багажаа авчран хорхойтой шүдийг нь суга татан авлаа. Хүү ч нойрноос сэрлээ. Эмч “Хүү минь дахиж амттан хэтрүүлэн идвэл бүх шүд чинь яг энэ шүд шиг хорхойд идэгдэх болно шүү” гээд сугалан авсан муухай шүдийг үзүүлэхэд Хүү толгой дохин, амттанд хэт дурлаж болохгүйг ухааран ойлголоо.
  • Хөгжмийн зохиолч - И.Морозов
  • Төрөл Балет
  • Он 2019
20

А.Батдэлгэр - Гэсэр номун хан


Удирдаач:
Ц.Мөнхболд УГЗ

Хореограф-Балетмейстер: А.Батдэлгэр СТА

Зураач: Ч.Гунгаасүх АЗ
Дүрүүд:
ГЭСЭР-
АРЛАНГУА-
ЦОТОН НОЁН-
ХАРААЛЧ ХАР ШУВУУ -
ХӨХ ШУВУУД-
ХИА НАР-
БУНДЛХАМ -
ДҮРТЭД-ДАГВА-
ХАР ШУВУУНЫ ДАГУУЛУУД-
ДОГШИН ХАНГАЛ БУРХАД-

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр үзэгдэл

Гэсэрийн ордон
Арван зүгийн ачит Гэсэр мэргэн хаан албат ардуудтайгаа найрлан цэнгэж байгаад цэргүүдээ дагуулан ан гөрөө хийхээр мордов. Арлангуа хатан ордондоо ганцаар үлдсэнийг мэдсэн Цотон ноён гэнэт гарч ирэв. Арлангуа Цотон ноёны амар мэндийг асууж хүндлэн дайлав. Гэтэл Цотон “Ай сайхан бэр минь! Гэсэр хаан чамд сүүдрээ үзүүлж ирэхгүй байна. Чи их зовж байна. Чамайг би авъя” гэв. “Цотон авгай минь энэ чинь юу гэсэн үг вэ? Түмэн Цотон байсан ч Гэсэртэй минь яаж тэнцэх вэ? Чамайг нэрээ үл хайрлавал над ямар нэр байх вэ?” гэж ордны хиаг дуудаж Цотон ноёныг гөвшиж өгөөд хөөж явуулав.

Хоёрдугаар үзэгдэл

Хараалч хар шувууны эдлэн
Цотон ноён Арлангуаг занаж, Гэсэрээс хагацаах арга олох гэж тамын Хараалч хар шувуун дээр очив. Шөнө дунд Хараалч хар шувуу дагуулуудынхаа хамт гарч ирэн Цотон ноёнг айлган сүрдүүлж юуны учир ирснийг асуув. Цотон ноён бүх учрыг хэлж өргөл барьц өргөж Хараалч хар шувуутай хуйвалдан Гэсэрийг хараалган доройтуулж, улмаар Гэсэрийг эзгүй хойгуур өшөө хорслоо авахын тулд Арлангуаг тамд унагах зорилготой Хараалч хар шувууны хамт Гэсэрийн ордон руу явна. Гуравдугаар үзэгдэл

Гэсэрийн ордон
Арлангуаг ордондоо бодолд автан суутал Цотон ноён Хараалч хар шувууны хамт Гэсэрийн ордонг дайрч үлдсэн бүх албат, цэргүүдийг нь алан хядаж Гэсэрийн ордонг эзлэв. Арлангуа ганцаараа тэмцсэн боловч хүчин мөхөсдөж баригдав. Хараалч хар шувуу Гэсэрийн ордонд хараал үйлдэж, Арлангуаг тамд унагахаар авч одно. Энэ үед өшөө хорслоо авсан мэт Цотон ноён их л сэтгэл хангалуун Гэсэрийн ордонг түр эзэгнэн үлдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дөрөвдүгээр үзэгдэл

Гэсэрийн ордон
Гэсэр мэргэн хаан ан гөрөөнөөс буцаж ирээд ордон нь эзгүй байхыг үзээд ихэд гайхав. Гэсэр мэргэн хаан тэр дороо мэргэний улаан утсаа татан хувилгаанаар /ид шидээр/ бүхний учрыг мэдэн ихэд хилэгнэв. Тэгээд Цотон ноёнг яаж гэсгээхээ бодож суутал Цотон ноён Гэсэр хаанаас айснаасаа болж өөрийгөө худал үхсэн болгож зарлав гэж дуулаад Цотон ноёны ордон руу явав.

Цотонгийн ордон
Там руу явж Арлангуаг авахаасаа өмнө өөд болсон авга ахынхаа шарилыг шатаан сүнсийг нь тэнгэр хөөргөж орхиё гэж ирэв. Түүдэг асаан худал үхсэн Цотонгийн биеийг шатааж эхэлтэл Цотонгийн гар хөл нь татганаж байснаа тэсэхээ болиод гүйн зугтах гэтэл Гэсэр барин авч, чиний үхсэн чинь яалаа гэв. Цотон ноён Гэсэрээс өршөөл гуйв.

Тавдугаар үзэгдэл

Хөдөө хээр
Гэсэр хаан өндөр уулын оргил дээр гарч, ялгуусан гурван эгчдээ залбирч суутал, гурван эгчийнх нь сахиус хөх шувуу болон хувирч тэнгэрээс бууж ирэв. Гэсэр хаан хөх шувуудтай бүжиглэх ялдамд надад тамд очиж Арлангуаг аврахад минь хүч тэнхээ өгөөч гэв. Гурван эгч нь хүч оруулан зоригжуулж Оюу эрдэнэ оньт гучин цагаан сум өгч явуулав.

Зургаадугаар үзэгдэл

Тамын ордон
Эрлэг номун хааны элч Хараалч хар шувуу Арлангуад сүр хүчээ гайхуулж найр хийж суув. Тамын сахиусууд бүжиглэж байхад Арлангуа уйтгарлан ганцаар сууна. Энэ агшинд Гэсэр тамд унан гэсгээгдэж буй нүгэлтэн болж орж ирэн бөөн үймээн дэгдээв. Хараалч хар шувуу босон харайн Гэсэртэй байлдаж гарав. Тэд удаан байлдсаны эцэст хэн хэнийгээ дийлж үл чаднам, энэ мөчид Арлангуа Хараалч хар шувууны амин сүнс болох Алтан тэвнийг барьж зогстол Гэсэр тэвнийг оньт эрдмийн сумаар тас харваж Хараалч хар шувууг хөнөөв. Гэсэр номун хаан 33 тэнгэрээс гургалдайн сүрэг болон газар дэлхийд бууж ирнэ.

Долоодугаар үзэгдэл

Гэсэрийн ордон
Арлангуаг тамаас гарган, чандмалсан алтан суварганы дэргэд арван зүгийн албат ардаа дуудан, хутга тавилгүй мах шүүс зооглон, хундага тавилгүй дарс айраг сөгнөж, цэгээн чулууг бутартал, цэнгэг нуурыг доргитол бүжин хатирч их найр хийн, энхжингийн орондоо алтан нар, мөнгөн сарыг үүрд мандуулан жаргав аа.
  • Хөгжмийн зохиолч - А.Батдэлгэр
  • Төрөл Балет
  • Он 2007
21
Дээш