Мэдээлэл

Шанхайн олон улсын балетын тэмцээнд О.Анужин нар оролцож байна

2018-09-06
Оруулсан Админ, 695 үзсэн

Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн нь Олон Улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг юм.

Тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлсэнээс 73 бүжигчин шалгаран оролцож байна. Монгол Улсаас Монголын Олон Улсын Балетийн Анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин мөн УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр улсын баяр наадмаар гавьяат цол хүртсэн билээ. Д.Дашлхагва багшийн анхны төгсөлтийн шавь нь гавьяат жүжигчин Д.Алтанхуяг аж.

Тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаагийн нэг нь манай улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бол нөгөө нь Гүрж улсын алдарт балетчин, Гүрж улсын балет театрын захирал Нина Ананиашвили юм.

Энэ удаагийн Шанхайн олон улсын балетын тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин болон УДБЭТ-ын бүжигчин Ц.Хишигжаргал нарыг мөн Д.Дашлхагва бэлтгэн оролцуулж байгаа ажээ.

“Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээний шагналын сан 50000 ам.доллар гэдгээрээ онцлог бөгөөд есөн шүүгч тэмцээнийг шүүн явуулах юм. Тодруулбал, ерөнхий шүүгчээр Данийн Рояал балет театрын уран сайхны удирдаач Франк.А.Андерсен ажиллах бол бүрэлдэхүүнд нь БНХАУ-ын Үндэсний балетын уран сайхны удирдаач Фенг Инг, БНХАУ-ын Лиаонинг Балетын уран сайхны удирдаач Чу Зи Жиао, ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Андрис Лиепа, Английн Хатан хааны Рояал Балет театрын балет мастер Гари Авис, АНУ-ын Сан Франциско Балет театрын гоцлооч Тан Юанюан, ОХУ-ын Мариинский Театрын прима балерина Улиана Лопаткина, Өмнөд Африкийн олон улсын балетийн тэмцээн зохион байгуулах хорооны захирал , Мзанси Балет компанийн захирал Дирк Баденхорст, БНСУ-ын олон улсын тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Парк Жэй Күн нар багтаж буй.

Бусад мэдээ
Дээш